Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн түүхэн замнал

2024-01-12

2024 оны 1-р сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн түүхэн замналыг толилуулж байна.

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй билээ. 

МОНГОЛ УЛСЫН АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

1924 оны 11-р сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын анхдугаар хурлын 14 дүгээр тогтоолынс 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм. Үндсэн хуулиа баталснаар Хаант улсыг халж Монгол Улсыг Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улс хэмээн мөн түүний тусгаар тогтнолыг Үндсэн хуулиар тунхагласанд түүний түүхэн тусгай ач холбогдол нь оршиж байсан юм.

Улсын Анхдугаар Үндсэн хууль нь:

·         “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь;

·         Улсын дээд эрхийг барих газрын тухай;

·         Нутгийн захиргааны тухай;

·         Сонгох, сонгогдох эрхийн тухай;

·         Улсын орлого, зарлагын эрхийн тухай;

·         Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай;” гэсэн 6 бүлэг, 50 зүйлээс бүрдэж байв.

1931 оны 2 сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр бага хурлаас гарсан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт орсон байна. тодруулбал: Улсын Бага Хурлын  эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан юм.

МОНГОЛ УЛСЫН ХОЁРДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан.

Хоёрдугаар Үндсэн хууль нь:

·         “Нийгмийн байгуулалт;

·         Улсын байгуулалт;

·         Улсын Их Хурал, Бага Хурал ба Бага Хурлын Тэргүүлэгчид;

·         Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөл;

·         Улсын орон нутгийн засаг захиргааны эрхийг барих байгууллагууд нь;

·         Шүүх ба прокурорын газар;

·         Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлага;

·         Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн журам;

·         Ард иргэний үндсэн эрх ба үүргүүд;

·         Сүлд тэмдэг, туг, нийслэл;

·         Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх журам;” гэсэн 12 бүлэг, 95 зүйлтэй.

Үндсэн хуулийн арвангуравдугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал болно.” гэж заасан байдаг. 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Үүнд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор (1941.02.14) БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ НЬ ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОД, ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ, ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХОВД, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛ, БУЛГАН, УВС, СЭЛЭНГЭ АЙМГУУД БА УЛААНБААТАР ХОТООР БҮРДЭЛ БОЛГОЖ ТОГТООНО” хэмээн заажээ.

Мөн, уг хуульд хүний эрх, эрх чөлөөний асуудлыг түлхүү тусгаснаар ач холбогдолтой болсон. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын албан хаагчдын өдрийн ажлын хэмжээг найман цагаар хязгаарлах, иргэд нь үнэ төлбөргүйгээр сурах, тэтгэвэр тэтгэмж авах, эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэй хүний нэгэн адил тэгш эрхийг эдлэх, нутаг дэвсгэр дотор өөрийн биеэр чөлөөтэйгөөр шилжин явах ба оршин суух газраа шилэн сонгох эрхтэй хэмээн тусгасан юм.

МОНГОЛ УЛСЫН ГУРАВДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан.

Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй.

1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар (1978.12.26) БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:

“БНМАУ-Д ГАГЦХҮҮ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРАЛ ХУУЛЬ ТОГТООХ ЭРХТЭЙ БАЙНА. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН КОМИСС, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУД, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ДЭЭД ШҮҮХ, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ПРОКУРОР ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХТЭЙ. МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ТӨВ ЗӨВЛӨЛӨӨРӨӨ, МОНГОЛЫН ХУВЬСГАЛТ ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛ НЬ ТӨВ ХОРООГООРОО УЛАМЖЛАН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХ ЭДЛЭНЭ. гэж заажээ.

МОНГОЛ УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР ҮНДСЭН ХУУЛЬ

Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэгүүн хар барс сарын шинийн есний шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрджээ.

Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛОХ САНАЛЫГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСНЭЭС ХОЙШ ДӨЧИН ТАВ ХОНОГИЙН ДОТОР УЛСЫН ИХ ХУРАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЖ ЧАДААГҮЙ БОЛ ӨӨРӨӨ ТАРАХ БУЮУ ЭСХҮЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫН ИХ ХУРЛЫГ ТАРААХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАНА.” гэсэн заалт нэмсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Монгол Үндсэн Хуулийг 1992 онд батлагдсанаас хойш 3 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ.

I.2000 онд 7 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж тус оны 12 дугаар сарын 14 өдөр эцэслэн батлагдсан.

II.2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухайн өдрийн морин цагт буюу 11.40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн юм.

Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан байна.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй байлаа.

III.2023 онд Монгол Улсын Үндсэн Хуульд орсон нэмэлт өөрчлөлт:

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг: "УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭГ ТАНХИМТАЙ, НЭГ ЗУУН ХОРИН ЗУРГААН ГИШҮҮНТЭЙ БАЙНА. УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР ЯВУУЛНА. УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАЛАН НАЙМАН ГИШҮҮНИЙГ ОЛНЫГ ТӨЛӨӨЛӨХ, ДӨЧИН НАЙМАН ГИШҮҮНИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ТӨЛӨӨЛӨХ АРГААР СОНГОНО хэмээн өөрчлөн найруулав.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож 66 нь дэмжсэнээр  97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл 2023 оны 5 дугаар сарын 31 өдөр батлагдсан байна.

2024 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн дагаж мөрдөнө.

 

Мэдээ бэлтгэсэн: ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн М.Норжинханд

 

 

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%